HomeСоёл УрлагМонголын палеонтологийн өвийг буцаан авсан туршлагыг “ЮНЕСКО”-д танилцууллаа

Монголын палеонтологийн өвийг буцаан авсан туршлагыг “ЮНЕСКО”-д танилцууллаа

Франц Улсын Парис хотноо “ЮНЕСКО”-гийн төв байранд Соёлын үнэт зүйлийг гарал үүслийнх нь улс оронд нь буцаах буюу хууль бусаар эзэмшсэн тохиолдолд эргүүлэн олгохыг дэмжих Засгийн газар хоорондын хорооны (ICPRCP) 25 дугаар чуулган болж байна. Тус чуулган 2026 оны тавдугаар сарын 20–22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм.

Чуулганы хүрээнд улс орнуудын сайн туршлагыг танилцуулах хэлэлцүүлэгт Монгол Улс уригдан оролцжээ. Энэ үеэр Парис дахь Монгол Улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ганхэт “Палеонтологийн өвийг эх оронд нь буцаан олгосон нь: Тарбозавр батаар болон бусад олдвор” сэдвээр илтгэл тавьсан байна.

Илтгэлд Франц Улсад хураагдан хадгалагдаж байсан үлэг гүрвэлийн араг яс болон палеонтологийн олдворуудыг Монгол Улсад буцаан авсан үйл явцыг танилцуулжээ. Мөн Монгол, Францын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, олон жил үргэлжилсэн шүүхийн ажиллагаанд Монгол Улс оролцсон туршлага, түүнээс авсан гол сургамжуудыг онцолсон байна.

Түүнчлэн соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх тухай ЮНЕСКО-ийн 1970 оны конвенцын хэрэгжилт бодит үр дүнд хүрч буйг дурджээ. Монгол Улсын танилцуулга нь хууль бусаар гарсан соёлын болон палеонтологийн өвийг эх оронд нь буцаах чиглэлд олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг харуулсан жишээ болсон байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Япон Улсын төлөөлөгч Монгол Улсын туршлага нь соёлын үнэт зүйлийг буцаах чиглэлээр гишүүн орнуудын чадавхыг нэмэгдүүлэх шаардлагыг тодорхой харуулж байгааг тэмдэглэжээ. Харин БНСУ-ын төлөөлөгч тус улс Монгол Улстай ижил төстэй асуудлаар үр дүнтэй хамтран ажиллаж байсан тухай дурдаж, Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлсэн байна.

“ЮНЕСКО”-гийн Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсын танилцуулгыг өндөр ач холбогдолтой, сургамжтай жишээ хэмээн үнэлжээ. Мөн үүнийг 1970 оны конвенцын хэрэгжилтийн үр дүнтэй туршлага гэж тэмдэглэсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд