Ази тивийн шатрын шилдэг мастерууд Монгол Улсад хуран цуглаж, оюун ухаанаа уралдуулахаар зэхэж байна. Шатрын Ази тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн нэр хүндтэй тэмцээн ирэх тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдахаар товлогджээ. Эл томоохон арга хэмжээнд дэлхийн 26 улс орны нийт 248 тамирчин оролцохоо албан ёсоор мэдүүлээд байна. Тэдгээрийн дундаас 148 нь олон улсын өндөр чансаатай цол зэрэгтэй шатарчид байгаа нь энэ удаагийн тэмцээний өрсөлдөөн ямар чансаатай болохг бэлхнээ илтгэнэ.
Энэ удаагийн тэмцээний нээлттэй ангилалд эхний таван байрт шалгарсан тамирчид болон эмэгтэй ангилалд тэргүүлсэн аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд өрсөлдөх нэр хүндтэй эрхийг шууд өвөртлөх юм. Манай улсын баг тамирчдын хувьд өмнөх цувралуудад амжилттай оролцож, тивийн аваргаас нийт гурван медаль хүртэж байсан баялаг түүхтэй. Монголын шатарчдын гаргаж байсан түүхэн амжилтуудыг багцалж дурдвал:
- эИМ Т.Мөнхзул — Синтай 2019 тэмцээнээс хүрэл медаль;
- ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул — Алматы 2023 тэмцээнээс хүрэл медаль;
- эОУМ Б.Мөнгөнзул — Аль Айн 2025 тэмцээнээс мөнгөн медаль.
Манай улсад болох уг тэмцээнд Олон улсын шатрын холбооны (FIDE) дээд цолтой мастерууд олноор бүртгүүлсэн байна. Тухайлбал, тэмцээний ерөнхий бүрэлдэхүүнд Их мастер (GM) – 34, Эмэгтэй их мастер (WGM) – 12, Олон улсын мастер (IM) – 51, Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20 байгаа аж. Мөн түүнчлэн FIDE мастер (FM) – 32, Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17, FIDE дэд мастер (CM) – 5 болон Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13 тамирчин тус тус бүртгүүлж, нэгэн зорилгын дор оюун ухаанаа сорихоор бэлтгэлээ базааж байна.
