Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ баг, тамирчид өнөөдөр Сингапур улсыг зорилоо. Тэд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатнаас шууд өрсөлдөх бөгөөд эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хийхээр байна.
Азийн аваргыг сүүлийн таван жил дараалан Сингапур улс хүлээн авч зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн тэмцээнд тивийн 43 улсын баг оролцох бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна.
Монголын баг урьдчилсан шат дамжихгүйгээр үндсэн хэсгээс тоглох хуваарьтай болсон нь анхаарал татаж байна. Иймд манай тамирчид дөрөвдүгээр сарын 4-нөөс өрсөлдөөнөө эхлүүлж, цаашдын шатанд шалгарахын төлөө тоглох юм.
Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга өмнө нь найман удаа болоход эрэгтэй ангилалд:
- Австрали 5 удаа
- Монгол 2 удаа
- Катар 1 удаа
түрүүлжээ.
Монголын эрэгтэй баг тивийн аваргаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай. Харин эмэгтэй багийн хувьд энэ удаа анх удаа аваргын цомын төлөө өрсөлдөхөөр Сингапурыг зорьж байна. Бүсгүйчүүд өмнөх тэмцээнүүдээс нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан бөгөөд энэ жил түрүүлж чадвал Азийн аваргын иж бүрэн медалийн цуглуулгатай болох юм.
