Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ гуравдугаар сарын 30-ны байдлаар өмнөх сараас 5.6 хувь, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хороо /ҮСХ/ мэдээллээ. Энэ өсөлтөд ялангуяа мах, төмс зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлсөн байна.
ҮСХ-ны гаргасан мэдээллээр хонь, үхрийн мах болон дотоодын төмсний дундаж үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.7-3.1 хувиар нэмэгджээ. Тухайлбал, нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ хоёрдугаар сард 28,812 төгрөг байсан бол гуравдугаар сарын 30-ны байдлаар 30,887 төгрөгт хүрсэн байна.
Жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад үхрийн цул махны үнэ 8,000 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ. Учир нь 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр нэг килограмм үхрийн цул мах 22,394 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жилийн мөн үед ийнхүү 30 мянгыг давсан байна.
Махны үнийн өөрчлөлт зөвхөн үхрийн цул махаар хязгаарлагдсангүй. Нэг килограмм хонины ястай мах энэ оны хоёрдугаар сард 19,181 төгрөг байсан бол 21,435 төгрөг болж өсөөд, гуравдугаар сарын 30-нд 21,984 төгрөгт хүрчээ. Мөн үхрийн ястай махны дундаж үнэ 26,976 төгрөг болж, хоёрдугаар сарын дунджаас 2,395 төгрөгөөр өссөн байна.
Гол өөрчлөлттэй бараануудыг дурдвал:
- Үхрийн мах, цул, кг — 28 812 төгрөгөөс 30 887 төгрөг
- Үхрийн мах, ястай, кг — 24 581 төгрөгөөс 26 976 төгрөг
- Хонины мах, ястай, кг — 19 181 төгрөгөөс 21 984 төгрөг
- Төмс, кг — 2 812 төгрөгөөс 3 156 төгрөг
- Дизелийн түлш, л — 3 140 төгрөгөөс 3 447 төгрөг
Харин зарим өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой хэвээр байна. Тухайлбал, “Алтан тариа” савласан гурилын бүх зэрэглэл, “Атар”, “Зууван чех”, хар талх, цагаан будаа, тараг, цөцгийн тос, ургамлын тос, элсэн чихэр, өндөг зэрэг бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоног болон өмнөх сарын түвшнээс өөрчлөгдөөгүй байна.
Зах, дэлгүүрүүдийн үнийн харьцуулалтаас үзвэл үхрийн цул махны үнэ байршлаас шалтгаалан нэлээд ялгаатай байна. Саруул захад нэг килограмм үхрийн цул мах 36,000 төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байгаа бол Оргил супермаркетад 26,500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
Ийнхүү нийслэлийн хүнсний гол нэрийн барааны үнийн хөдөлгөөнөөс харахад мах, төмс, шатахууны бүлэгт өсөлт илүү хүчтэй ажиглагдаж, өрхийн өдөр тутмын хэрэглээнд шууд дарамт үзүүлэх нөхцөл үргэлжилсээр байна.
