УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүлгийн даргаа өөрчлөх асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор 10 гаруй гишүүн гарын үсгээ зурсан гэх мэдээлэл гарчээ.
Энэ хөдөлгөөний гол шалтгаан нь намын дарга хүн УИХ дахь бүлгийн даргын албыг давхар хаших нь зохимжгүй гэж хэсэг гишүүд үзэж байгаатай холбоотой аж. О.Цогтгэрэл өнгөрсөн оны наймдугаар сард Ардчилсан намын даргаар сонгогдсон ч түүнээс хойш УИХ дахь АН-ын бүлгийн даргын үүргийг мөн давхар гүйцэтгэсээр байгаа юм.
Бүлгийн зарим гишүүн түүнийг намын даргын ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ бүлгийн даргын суудлаа чөлөөлөхийг шаардсан ч одоогоор энэ асуудал шийдэгдээгүй байна. Иймээс дотооддоо олонхын дэмжлэгээр бүлгийн даргыг өөрчлөх алхам руу оржээ.
Энэ асуудалтай холбоотойгоор бүлгийн даргын суудалд сонирхолтой гишүүд ч цөөнгүй байгаа талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Тухайлбал, О.Цогтгэрэл намын дарга болсны дараа түүний оронд УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Эрдэнэболд нарын нэр бүлгийн даргад яригдаж байсан юм.
УИХ-ын тухай хуулийн 31.12-т:
- Бүлгийн даргыг чөлөөлөх
- Огцруулах
- Шинээр томилох
асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, улмаар шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр хүргүүлэхээр заасан байдаг. УИХ-ын дарга энэ шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж сонсгох ёстой. Өмнө нь ч АН-ын бүлгийнхэн ийм журмаар даргаа сольж байсан жишээ бий.
