18 настай Сиан Алдертон найзуудтайгаа нэгэн үдэшлэгт оролцох үеэрээ вэйп буюу цахилгаан тамхийг бусадтай хуваан хэрэглэсний дараа хүндээр өвдөж, улмаар менингитийн улмаас эмнэлэгт хүргэгджээ. Эмч нарын зүгээс түүний биеийн байдал маш хүнд байгаа тул дараагийн 24 цагийг давж гарахгүй байх эрсдэлтэйг хүртэл анхааруулсан байна.
Эмнэлгийнхэн халдварын эх үүсвэрийг тухайн үдэшлэгтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Тэдний тайлбарласнаар халдвар үнсэлцэх, эсвэл вэйпийг дамжуулан хэрэглэх зэргээс үүдэлтэй байж болзошгүй гэжээ.
Алдертон үдэшлэгт оролцсоноосоо хоёр хоногийн дараа бие нь огцом муудсан байна. Түүний ээжийн ярьснаар охин нь орой 8 цагийн үед “Ээжээ, би өөрийгөө сайн мэдрэхгүй байна” хэмээн хэлж, хамт хэвтэхийг хүссэн нь ердийнхөөс өөр шинж байжээ.
Үүний дараа ээж нь охиноо яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд үзлэг, шинжилгээний дараа эмч нар менингит гэж оношилсон байна. Тэр үед түүний амь насанд аюул нүүрлэсэн гэж үзэж, богино хугацаанд шийдвэрлэх эмчилгээ эхлүүлжээ.
Мэёо Клиникийн мэдээлснээр менингит нь тархи болон нугасыг хүрээлж буй шингэн, бүрхүүлийн халдварт үрэвсэл юм. Энэ өвчин ихэвчлэн:
- толгой өвдөх
- халуурах
- хүзүү хөших
зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Зарим тохиолдолд аажим сайжрах боломжтой ч амь насанд аюултай хэлбэрт шилжих эрсдэлтэй тул хүчтэй антибиотик эмчилгээ шаарддаг аж.
Өөрөө энэ талаар ярихдаа Алдертон, “Би тэр үдэшлэгт олон хүнтэй вэйп хуваалцсан, магадгүй тэндээс халдвар авсан байх” гэжээ. Аз болоход одоо 19 настай болсон тэрбээр бүрэн эдгэрч, тархинд нь удаан хугацааны гэмтэл үлдээгүйг шинжилгээгээр тогтоосон байна.
Гэсэн ч уг явдал түүнд сэтгэл зүйн хувьд нөлөөлсөн хэвээр байгаа аж. Тэрбээр “Тэр цагаас хойш би үдэшлэгт очоогүй. Хамгийн их зориг гаргаж нэг удаа пабад 1-2 цаг л байсан” хэмээн ярьжээ.
Харин түүний ээж энэ өвчин эрүүл, залуу хүнд ч гэнэт тохиолдож болдгийг олон нийт мэдэх ёстой гэж онцолсон байна. Тэрбээр “Энэ өвчнийг хэн ч тусах эрсдэлтэй гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Хэн ч халдвар авах магадлалтай. Биеийн байдал сайн эсвэл эрүүл байсан ч энэ өвчин тусах эрсдэлтэй” гэжээ.
