HomeУлс төрТуулын хурдны замын маргаан Хотын даргын лайваар шинэ шатанд хүрэв

Туулын хурдны замын маргаан Хотын даргын лайваар шинэ шатанд хүрэв

“Туулын хурдны зам” төслийн талаархи нээлттэй хэлэлцүүлэг 2026 оны гуравдугаар сарын 30-нд Төрийн ордонд зохион байгуулагдсан ч нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өөрөө оролцсонгүй. Түүний оронд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хүрэлцэн ирж, төслийн талаарх тайлбарыг өгсөн байна.

Харин энэ үеэр Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж, “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж буй иргэдийн талаар байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Тэрбээр “Хатан Туулаа хамгаалъя” уриатай жагсаалд оролцож буй хүмүүсийг “олигархуудын төлөөлөл, улс төрийн эрх ашгийн төлөө тэмцэж байна” хэмээн тодорхойлж, жагсаалын зорилгыг эргэлзээтэйгээр тайлбарласан юм.

Шууд дамжуулалтын үеэр түүний хэрэглэсэн зарим үг хэллэг илүү их маргаан дагууллаа. Тухайлбал, “барьсан юмыг нь булааж ав”, “энэ хүнийг жагсаалаас явуул” гэх агуулгатай үгс нь иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан тайван жагсах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй зөрчилдөж болзошгүй гэх шүүмжлэл дагуулав.

Мөн Хотын дарга зарим хүний нэр болон байршлыг шууд дамжуулалтаар дурдсан нь хувийн мэдээллийн нууцлалын асуудлыг сөхөхөд хүргэсэн байна. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн асан, зохиолч Ц.Оюунгэрэлийн гэрийн гадаа очиж “гараад ир” хэмээн хашхирч буй бичлэг цахим орчинд түгсэн явдал юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Цэнгүүний гэр бүлийг нэрлэн, “Зайсангийн гүүрний цаана зөвшөөрөлгүй барилга барьж, бохироо Туул гол руу цутгаж байна” хэмээн мэдэгдэж, уг барилгын орчимд очиж эсэргүүцэл үзүүлэхийг дэмжигчиддээ уриалсан байна. Зарим ажиглагчийн үзэж буйгаар эдгээр үйлдэл нь Туул голыг хамгаалах байр суурь илэрхийлсэн иргэдэд чиглэсэн дарамт, шахалтын шинжтэй байж болзошгүй юм.

Шууд дамжуулалтын дараа олон нийтийн сүлжээнд шүүмжлэл эрс нэмэгдэж, иргэд Хотын даргын хэлсэн үг, үзүүлсэн авирыг ёс зүйн хувьд зохисгүй гэж дүгнэжээ. Сошиал орчинд “Хотын дарга маань нүдэн дээр галзуурчихлаа” гэсэн агуулгатай бухимдсан сэтгэгдлүүд олноор гарсан нь энэ асуудал иргэдийн дунд хүчтэй эсэргүүцэл дагуулсныг харуулж байна.

Үүгээр зогсохгүй Х.Нямбаатар “Зам бол хөгжил. Хөгжлийг гацаах гэж байгаа хүмүүсийг би өдөр бүр лайв хийж зарлана. Нэг бол намайг алж байгаад Туулын хурдны замыг зогсоо” хэмээн мэдэгдсэн нь төрийн өндөр албан тушаалтны харилцаа, үг хэлний хэм хэмжээ, хариуцлагын талаарх маргааныг улам гүнзгийрүүлэв.

Нэмж хэлэхэд, тэрбээр зарим хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг дурдан шүүмжилсэн нь хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой асуудлыг ч дахин сөхөхөд хүргэж байна. Ийнхүү “Туулын хурдны зам” төслийн эргэн тойрон дахь маргаан нь зөвхөн дэд бүтцийн бодлогын хүрээнээс хальж, иргэдийн эрх, төрийн албан тушаалтны ёс зүй, олон нийтийн оролцооны хүрээнд өргөн асуудал болж хувираад байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд