Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг өргөн мэдүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Уг саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 24 гишүүнээс 95.8 хувь нь Ням-Осорын Учралыг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжжээ. Ингэснээр түүний нэр дэвшүүлэлтийг парламентын дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлэх үндэс бүрдлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх, томилох, мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөн мэдүүлэхтэй холбоотой үндсэн зохицуулалтуудыг тусгасан байдаг. Тухайлбал, Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах, цаашлаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийн төслийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн өргөн мэдүүлэх талаар тодорхой заасан байна.
Ням-Осорын Учралын боловсрол, ажилласан байдлыг авч үзвэл тэрбээр 2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Дараа нь 2010 онд Их Британийн Лимкоквин их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментээр магистр, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд түүхийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалжээ.
Түүний улс төр, төрийн албаны замнал дараах үе шатуудаар үргэлжилсэн байна:
- 2010-2016 онд “Рояал Академи”, “Рояал” олон улсын дээд сургуулийн ерөнхий захирал
- 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга
- 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
- 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
- 2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2025 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
- 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын дарга
- 2025 оны 11 дүгээр сараас МАН-ын дарга
