Сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг”-ийн аваргын төлөөх цуврал энэ долоо хоногт эхлэх гэж буйтай зэрэгцэн хагас шигшээ шатанд болсон “Сэлэнгэ Бодонс” болон “ШГ Эйпс” багийн цуврал олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Долоон тоглолт үргэлжилсэн энэ өрсөлдөөн талбай дээр төдийгүй талбайн гадна ч ширүүн уур амьсгалтай өрнөсөн юм.
Ялангуяа “Сэлэнгэ Бодонс” багийн эзэн Л.Наранбаатар, “ШГ Эйпс” багийн эзэн О.Мөнхжин нарын хоорондын хурц харилцаа тоглолт бүрийн дараа ил тод болж, цахим орчинд харилцан байр сууриа илэрхийлсээр ирсэн. Харин энэ удаад тэдний маргаан спортын ёс зүйн хүрээнээс давж, шийтгэл ногдуулах түвшинд хүрсэн байна.
Цувралын тав дахь тоглолтын төгсгөлд “Сэлэнгэ Бодонс” багийн эзэн Л.Наранбаатар ордонд байсан эсрэг багийн дэмжигчид рүү хоёр гарын дунд хуруугаа гаргасан нь маргаан дагуулжээ. Үүний дараа лигийн зүгээс түүнд нэг тоглолтын хугацаанд багийн эзний хувиар “М Банк Арина”-д тоглолт үзэх эрхийг нь хасаж, нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Гэвч “Үндэсний дээд лиг”-ийн ёс зүйн дүрэм, холбогдох журам олон нийтэд нээлттэй биш байгаа учраас:
- Ямар заалтаар шийтгэл ногдуулсан
- Торгуулийн хэмжээ ямар шалгуураар тогтоосон
- Ижил төрлийн зөрчилд хэрхэн ханддаг
гэдэг нь тодорхойгүй хэвээр үлджээ.
Ийм төрлийн үйлдэл гадаадын мэргэжлийн лигүүдэд ховор тохиолддог. Тухайлбал, НБА-ын тоглогч Кевин Дурант 2010 онд дунд хуруу гаргаж 25 мянган доллароор торгуулж байсан бол Гилберт Аринас 2006 онд ижил үйлдэл гаргасныхаа төлөө 10 мянган долларын торгууль авч байв. НБА-ын хувьд ийм авирыг лигийн нэр хүндэд халдсан, спортын дүр төрхийг гутаасан, хүүхэд залууст буруу үлгэр дуурайл үзүүлсэн гэж үзэн өндөр дүнтэй шийтгэл ногдуулдаг. Харин багийн эздэд ийм зөрчил гаргавал 100-200 мянган долларын торгууль ч оногдуулах боломжтой байдаг аж.
Монголын дээд лигийн хувьд багийн эзэн үзэгчид рүү дунд хуруу гаргасан тохиолдол энэ удаагийнх анхных биш юм. 2021 онд “Нэгдсэн дээд лиг” явагдаж байх үед “Ай Эч Си Эйпс” багийн эзэн О.Мөнхжин “Хасын Хүлэгүүд” багийн хөгжөөн дэмжигчид рүү дунд хуруу гаргаж байсан удаатай. Тухайн үед түүнд ямар нэгэн албан ёсны торгууль, шийтгэл ногдуулсан тухай мэдээлэл гараагүй ч үзэгчдийн дургүйцлийг төрүүлж байсан.
Үүнээс хойш О.Мөнхжингийн хувьд шүүгчдийг доромжлох, бусад багийн тоглогчидтой зүй бус харьцах зэрэг үйлдлүүд нь давтагдсаар, улмаар 2027 он хүртэл багийн эзний хувиар ямар ч сагсан бөмбөгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсон байдаг. Энэ нь лигийн сахилга, ёс зүйн асуудал зөвхөн ганц үйл явдал бус, системийн түвшний асуудал болсныг харуулж байна.

Энэ улиралд зөвхөн багийн эздийн асуудал сөхөгдсөнгүй. “Би Си Эйч Найтс” багийн тоглогч Дэвион Уоррен “Хаан Шонхорууд” багийн тоглогч О.Өсөхбаярын дагз руу цохисон, мөн “Хаан Шонхорууд” багийн ахлах дасгалжуулагч С.Тулга эсрэг багийн тоглогчийг алгадсан зэрэг олон зөрчил гарсан. Гэвч эдгээрт ямар сахилгын арга хэмжээ авсан нь өнөөдрийг хүртэл тодорхой бус хэвээр байна.
Өнөөдөр сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг” Монголын хамгийн олон үзэгчтэй спортын нэг болсон. Үзэгчийн тоо, нөлөө нь өсөхийн хэрээр лигийн хариуцлага, ил тод байдал, сахилгын бодлого ч мөн адил өндөр түвшинд байх шаардлагатай байгаа ч олон нийтийн зүгээс энэ тал дээр хангалтгүй ажиллаж байна гэж шүүмжилсээр байна.
