Дэлхийн цахим спортын “Counter strike 2” төрлийн шилдэг багуудыг нэгтгэсэн “BLAST Open Rotterdam 2026” тэмцээнд Монголын “The MongolZ” баг хэсгийн шатнаас амжилттай гарч, шигшээ шатанд өрсөлдөхөөр Роттердам хотыг зорьжээ. Ийнхүү тэд тэмцээний шилдэг зургаан багийн эгнээнд багтаж, өнөөдөр “Aurora Gaming” багийн эсрэг эхний шийдвэрлэх тоглолтоо хийхээр болсон байна.
Монголын баг “В” хэсгийн тоглолтуудаа Копенхаген хотод хийж, 3 хожил, 1 хожигдолтойгоор дараагийн шатанд шалгарсан юм. Хэсгийн эхний тоглолтод тэд “MOUZ” багийг 2-0 харьцаатай буулган авч, өмнөх 10 дараалсан хожигдлын цувралаа зогсоосон нь онцлох амжилт болов. Тодруулбал, Nuke дээр 13:11, Inferno дээр 13:3 харьцаатай ялжээ.
Дараагийн шатанд “Team Vitality”-тай таарч, Mirage дээр 4:13, Overpass дээр 13:16-аар ялагдсанаар доод хүснэгт рүү шилжсэн байна. Гэсэн ч тэндээсээ “Team Liquid”-ийг Ancient дээр 16:14, Mirage дээр 13:10-аар, мөн “Team Spirit”-ийг Nuke дээр 13:11, Overpass дээр 13:9-өөр тус тус 2-0 харьцаатай буулган авч, хэсгээсээ гуравдугаар байраар шигшээ шатанд шалгарчээ.
Шигшээ шатны эхний тоглолтод “The MongolZ” “А” хэсгийн хоёрдугаар байрт шалгарсан “Aurora Gaming”-тай тоглохоор болсон бөгөөд тоглолт өнөөдөр 22:00 цагт эхэлнэ. Энэ учраа онцгой анхаарал татаж буй шалтгаан нь хоёр баг хамгийн сүүлд “ESL Pro League Season 23” тэмцээнд таарахад Монголын баг 2:0-ээр давуу ялалт байгуулж байсан явдал юм.
Шигшээ шатны өрнөл дараах байдлаар үргэлжилнэ:
- “The MongolZ” – “Aurora Gaming”
- Ялагч нь хагас шигшээд “Team Vitality”-тай тоглоно
- “PARIVISION”, “Team Falcons” багуудын ялсан нь “NAVI”-тай учраа таарна

Ийнхүү “The MongolZ” баг Роттердам хотод дахин нэг чухал сорилтын өмнө ирээд байна. Хэсгийн шатанд үзүүлсэн тоглолтын хэлбэр, өмнөх учрааны давуу дүн нь өнөөдрийн тоглолтын хүлээлтийг улам өсгөж байна. Монголын “The MongolZ” баг 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсоор байна.
