Цаг уурын байгууллагаас танилцуулсан ирэх сарын төлөвөөс харахад дөрөвдүгээр сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, агаарын температур олон жилийн дунджаас доогуур байх төлөв ажиглагдаж байна. Ялангуяа говь, талын бүс нутгаар салхи ширүүсч, шуургатай өдрүүд олон давтагдах магадлалтайг анхаарууллаа.
Сарын явцад хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цаг агаар тогтворгүйшинэ. Энэ хугацаанд салхи шуурга эрчимжиж, хүйтрэх төлөвтэй байгаа тул ой, хээрийн түймэр болон хүчтэй салхины эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг онцолж байна.
Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6°С-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ч олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүсэх бол бусад хугацаанд дунджийн орчим эсвэл түүнээс дулаан байх төлөвтэй байна.
Бүс нутгаар нь авч үзвэл баруун аймгуудад агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ахиу, бусад бүсэд дунджийн орчим байх бөгөөд сарын зарим үед ихэнх нутгаар хур тунадас орж, шороон шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын хувьд Архангайн ихэнх хэсгээр температур дунджийн орчим, бусад нутгаар арай дулаан байх төлөвтэй. Төв аймгийн өмнөд болон Өвөрхангайн ихэнх хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох бөгөөд сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи ширүүсэх төлөв ажиглагдаж байна.
Зүүн аймгуудад энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй ч сарын эхээр зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүн байна. Үүнээс хойш хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр цаг агаар дахин муудаж болзошгүй.
Говийн аймгуудад агаарын температур, хур тунадасны хэмжээ нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу төлөвтэй байна. Гэсэн ч сарын эхээр хойд болон зүүн хэсгээр хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурах бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв ажиглагдаж байна.
Ирэх сард онцгой анхаарах нөхцөлүүд:
- Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас, нойтон цас орох
- Хоёр болон гуравдугаар арав хоногт салхи, шуурга олон давтагдах
- Хүчтэй салхи, шороон шуурганы эрсдэл өндөр байх
- Ой хээрийн түймрийн аюул нэмэгдэх
