Японы Осака мужийн Куматори хотын бага болон дунд сургуулийн сурагч, багш нар нийтээрээ хордсон хэрэг гарч, хохирогчдын тоо 633-т хүрээд байна. Энэ тухай тус хотын захиргаанаас албан ёсоор мэдээллээ.
Сүүлийн үеийн мэдээллээр, бага сургуулийн 482 хүн хордлогын шинж тэмдэг илэрснээс 415 нь хүүхэд, 67 нь багш нар байгаа аж. Харин дунд сургуулийн 151 хүн өвчилсөн бөгөөд үүний 136 нь сурагч, 15 нь багш нар байна.
Осака мужийн засгийн газраас яаралтай шалгалт явуулахад сургуулийн гуанзны талхнаас хордлого гарсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарчээ. Зарим өвчтөнүүд болон талх барьсан үйлдвэрийн ажилтнуудаас норовирус (norovirus – хоол боловсруулах эрхтнийг үрэвсүүлдэг вирус) илэрсэн байна.
Хордлогын анхны тохиолдол 3 дугаар сарын 19-нд нэгэн сургуулийн 60 хүн бие нь тавгүйрхэж эхэлснээр бүртгэгджээ. Нарийвчилсан шалгалт хийсний дараа тус хотын нийт найман сургуульд ижил төстэй шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон байна.
