Гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Мөн Алтайн уулархаг нутаг, говь болон талын бүсэд салхи эрчимжих төлөвтэй байна.
Цаашид 2026 оны гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр тогтворгүй цаг агаар үргэлжилж, хур тунадас болон салхины идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал:
- 27-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хур тунадас орно
- 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар
- 29-нд баруун аймгуудын өмнөд, зүүн аймгуудын зарим газраар
- 30-нд говийн бүсийн баруун өмнөд хэсэг, Халх голын сав газраар
Салхины хувьд ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх боловч 28-нд зарим бүсэд, 29-нд зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Агаарын температурын хувьд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө -14…-19 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +1…+6 градус дулаан байх бол говийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…-2 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус, өдөртөө +6…+11 градусын хооронд хэлбэлзэх бөгөөд 28-нд хойд бүсээр, 29-нд ихэнх нутгаар температур буурах хандлагатай байна.
