Монгол-Японы төвөөс ирэх 2026 оны 4-р сарын 25-ны өдөр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон оюутан залууст зориулсан “ХАВРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2026” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулахаар товложээ. Уг яармаг нь Японы их дээд сургуульд суралцахаар төлөвлөж буй залууст бодит чиглэл өгөх, хувийн бэлтгэлээ хангахад нь мэргэжлийн зөвлөгөөгөөр дэмжих үндсэн зорилготой юм.
Яармагийн хүрээнд Японы нэр хүндтэй сургуулиудын төлөөлөгчид цахим хэлбэрээр оролцож, өөрсдийн сургалтын хөтөлбөр, давуу талуудаа танилцуулах аж. Оролцогчид сонирхсон сургуулийнхаа мэдээллийг шууд хүлээн авахаас гадна ганцаарчилсан зөвлөгөө авч, суралцахтай холбоотой тулгамдсан асуултдаа хариулт авах боломжтой юм.
Энэхүү арга хэмжээний үеэр дараах цогц мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой:
- Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын танилцуулга болон ганцаарчилсан зөвлөгөө;
- Японд сурч төгсөгчдийн бодит туршлага, тус улсад сурч амьдрах орчин нөхцөлийн талаарх зөвлөмж;
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Японд хувийн зардлаар суралцах шалгалт (EJU) болон хэлний сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.
Тус яармагт Японы Каназава их сургууль, Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль, Нагоя их сургууль болон Риккёо их сургуулиуд албан ёсоор оролцож байна. Мөн Япон улсын Элчин сайдын яам болон Монголын Япон хэлний багш нарын холбооны төлөөллүүд хүрэлцэн ирж, суралцахтай холбоотой бүхий л асуудлаар зөвлөгөө өгөхөөр бэлтгэжээ.
Мэдээллийн яармаг 2026 оны 4-р сарын 25-ны өдөр 11:00-16:00 цагийн хооронд Монгол-Японы төвийн байранд зохион байгуулагдана. Сонирхсон иргэд үнэ төлбөргүй оролцох боломжтой бөгөөд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
