Холливудын нэрт жүжигчин Орландо Блум сүүлийн үед нэр холбогдох болсон Швейцарын загвар өмсөгч Луиза Леммельтэй хамт амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Тэднийг өнгөрсөн сард Калифорнид болсон “Супербоул”-ын дараа хөтлөлцөн явж байхыг нь хүмүүс анх анзаарсан бол энэ удаад хамтдаа Швейцар руу аялсан тухай “The Sun” хэвлэл мэдээллээ. Хосууд Швейцарын Цюрих хот болон Люцерн нуурын эрэг дэх тансаг зэрэглэлийн зочид буудлуудад хэд хоногийг туйлын тухтай өнгөрүүлсэн байна. Түүнчлэн жүжигчин Орландо Блум энэ үеэр бүсгүйн найз нөхөд, гэр бүлийнхэнтэй нь ч танилцсан байж магадгүй гэнэ.
Энэхүү аялалд тэдэнтэй хамт жүжигчний хайртай пудель нохой болох Бигги Смоллз ч цуг явжээ. Хэдийгээр Орландо Лос-Анжелест, харин Луиза Нью-Йоркт амьдардаг ч тэд хэдэн сарын турш харилцаатай байгааг ойрын эх сурвалжууд нь баталж байгаа юм.

“Орландо, Луиза нар болзоод хэдэн сар болж байгаа бөгөөд тэд аль хэдийнэ нэгэн бяцхан гэр бүл шиг л болсон. Тэдний дунд жинхэнэ хайрын оч асч байна” гэж инсайдерууд (insiders – дотоод эх сурвалж) мэдээлжээ.
Сануулахад, Орландо Блум 2025 онд дуучин Кэти Перригээс есөн жил хамт байсны эцэст салсан юм. Тэд Дейзи нэртэй дундын охинтой. Мөн жүжигчин өмнөх эхнэр, загвар өмсөгч Миранда Керрээс төрсөн 15 настай Флинн гэх хүүтэй билээ.
Одоогоор Орландо Блум болон түүний шинэ амраг Луиза Леммель нарын хэн хэн нь харилцааныхаа талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.
