Иран улс улс орон даяар интернэтийг бүрэн хааж, дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн урт хугацааны “дижитал бүслэлт” тогтоосон тухай “Al Arabiya” агентлаг мэдээллээ. “NetBlocks” аналитик группын мэдээлснээр, энэхүү бүрэн тусгаарлалт 37 дахь хоногтоо (864 цаг) үргэлжилж байгаа бөгөөд энэ нь өмнө нь бусад улс орнуудад бүртгэгдэж байсан ижил төстэй бүх тохиолдлоос хатуу чанд байдал, үргэлжлэх хугацаагаараа хол давсан үзүүлэлт болж байна.
“Иран дахь интернэтийн тасралт нь одоогоор улс орны хэмжээнд бүртгэгдсэн хамгийн урт хугацааны зогсолт болоод байна. 37 хоног буюу 864 цаг дараалан үргэлжилж буй энэхүү хэрэг явдал нь хүнд нөхцөл байдлаараа дэлхийн бусад бүх тохиолдлыг ардаа орхилоо” хэмээн хяналтын төвийн тайланд дурджээ.
Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн зарим бүс нутагт өмнө нь үе үе интернэт тасалдаж байсан ч Ираны нөхцөл байдал нь огт тасралтгүй үргэлжилж байгаагаараа онцлог юм. Жирийн иргэдийн хувьд гадаад ертөнцөөс ийнхүү тасрах нь жинхэнэ сорилт болоод байна.
“Бид найдвартай мэдээлэл олж авахын тулд интернэтэд холбогдох арга замыг тасралтгүй хайж байна” гэж Исфахан хотын 47 настай оршин суугч эмэгтэй сэтгүүлчдэд ярьжээ. Харин Тегеран хотын өөр нэг иргэн энэхүү дижитал тусгаарлалтыг агааргүй орчинтой зүйрлэсэн байна: “Интернэтгүй байна гэдэг миний хувьд хүчилтөрөгчгүй байхтай л адил. Би хавханд орсон мэт амьсгал боогдож байна.”
Одоогоор тус улсад зөвхөн засгийн газрын болон дотоодын сайтуудыг үзэх боломжтой маш хязгаарлагдмал “дотоод сүлжээ” ажиллаж байна. Гадаадын хэвлэл мэдээлэл унших эсвэл Instagram-д орохын тулд VPN үйлчилгээ ашиглахыг оролдсон хүмүүст тусгай албанаас “шоронд хорих” тухай заналхийлсэн мессеж ирж байгаа аж. “Starlink” зэрэг хиймэл дагуулын интернэт ашиглахыг албан ёсоор хориглосон бөгөөд энэ нь хүн амын өчүүхэн хэсэгт л хүртээмжтэй байна.
