Цагдаагийн байгууллагаас өнөөдөр (2025.07.29) хийсэн мэдээллээр, энэ зургадугаар сарын 2-ноос долдугаар сарын турш зохион байгуулсан “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний хяналт шалгалт эрчимжсэн байна.
Арга хэмжээний хүрээнд 157 цэгт 403 алба хаагч хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 177 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийжээ. Үүнээс 131,143 нь ямар нэг зөрчилтэй байсан бөгөөд голлон илэрсэн зөрчлүүд нь:
- Зуны дугуй сольж хэрэглээгүй
- Замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн
- Хурд хэтрүүлсэн
- Эгнээ байр, гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийсэн зэрэг байв
Мөн орон нутгийн замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 жолоочийн зөрчил илэрч, таслан зогсоожээ. Үүнээс гадна, жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодсон 1644 жолооч, мөн бусдад жолоогоо шилжүүлсэн ноцтой зөрчлүүд бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, уг арга хэмжээний үр дүнд:
- Зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.7%
- Нас баралт 35.7%
- Хүүхэд өртсөн осол 6.5% тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун дараах мэдээллийг өгсөн байна:
“Орон нутгийн замын байгууламжаас шалтгаалсан ослыг бууруулах зорилгоор авто замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлуулах ажлыг зохион байгуулж, орон нутгийн захиргаа, засвар арчилгааны байгууллагуудад нийт 16 удаагийн албан шаардлага хүргүүлсэн. Үүний үр дүнд 9060 метр замын тэмдэглэгээг шинэчилж, 36908 м³ авто замыг засварлан арчилсан.”