“Батка Батка” нэртэй хуурамч хаягаар хандивын нэрийн дор залилан хийжээ
Цагдаагийн байгууллага цахим орчинд бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан 23 настай “Б” хэмээх эрэгтэйг илрүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Хандивын мэдээллийг хуулж, өөрийн данс байршуулжээ
Мөрдөн шалгалтаар “Б” нь “Батка Батка” нэртэй фэйсбүүк хаяг ашиглан энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хандив, тусламж хүсэж байсан иргэдийн хувийн мэдээллийг хуулбарлаж, тэдний нэрийн өмнөөс хуурамч уриалга гаргаж байжээ.
Тэрбээр өөрийн болон хамаарал бүхий этгээдийн банкны дансны дугаарыг байршуулан, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүссэн иргэдийн итгэлийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгө залилсан байна.
Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
Цахим орчин дахь залилангийн гэмт хэрэг нэмэгдэж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллага иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна:
- Тусламж, хандив үзүүлэхээсээ өмнө эх сурвалжийн үнэн зөв байдлыг шалгах
- Албан ёсны байгууллага, баталгаатай суваг ашиглан хандив илгээх
- Өөрийн хувийн мэдээллийг олон нийтэд ил гаргахгүй байх
Цагдаагийн байгууллагаас цахим залилангийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.
