Монгол Улсын Их Хурал өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн төсөвт цалин, тэтгэвэр, халамжийн нэмэгдэл болон зардлын оновчлолын бодлого зэрэг чухал өөрчлөлтүүд оржээ.
Төсвийн төсөлд дараах гол нэмэгдлүүдийг тусгасан байна:
- Багш нарын үндсэн цалин 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 742 мянгаар нэмэгдэж, 11 дүгээр сарын 1-нээс 2.8 сая төгрөг болж өснө. (518.6 тэрбум төгрөгийн зардалтай)
- Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 15 хувиар нэмэгдэх бөгөөд үүнд 190.3 тэрбум төгрөг зарцуулагдана.
- Ахмад настны тэтгэвэр 8.6 хувиар нэмэгдэж, 145 тэрбум төгрөг төсөвлөжээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж 20 хувиар буюу сар бүр 80 мянгаар нэмэгдэнэ (29.3 тэрбум төгрөгийн зардал).
Ингэснээр нийт 969.1 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргах тооцоотой байна.
Зардлын бууралт, хөрөнгө оруулалтын шинэ бодлого
Шинэ төсөвт урсгал зардлыг 990.1 тэрбум, хөрөнгийн зардлыг 361.1 тэрбум төгрөгөөр тус тус бууруулжээ.
- Тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувиар бууруулж,
- Зам тээврийн салбарын төслүүд, мөн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн хассан байна.
Шинэ төсвийн хүрээнд Монгол Улсын тэнцвэржүүлсэн орлого 31.93 их наяд төгрөг, буюу ДНБ-ний 32.2 хувь болж өсөхөөр байна. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал нь 1.05 их наяд төгрөг, өөрөөр хэлбэл ДНБ-ний -1 хувьтай тэнцэхээр тогтжээ.
