Хил хамгаалах байгууллагаас 2026 оны хоёрдугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарийг албан ёсоор танилцууллаа. Ирэх сард Монгол Улсын уламжлалт Сар шинийн баяр (Цагаан сар) тохиож байгаагаас гадна хөрш орнуудын үндэсний баярын өдрүүдтэй давхцаж байгаа тул иргэд, тээвэрчид аяллаа зөв төлөвлөхийг анхааруулж байна.
ОХУ болон БНХАУ-тай хиллэх боомтуудын зохицуулалт
Монгол, Оросын хилийн авто замын боомтуудын хувьд Цагаан сарын баяр болон ОХУ-ын “Эх орончдын өдөр”-тэй холбогдуулан хөдөлгөөнийг түр зогсоохоор болжээ. Харин БНХАУ-тай хиллэх авто замын боомтууд Монголын Сар шинийн баяр болон Хятадын “Хаврын баяр”-ын өдрүүдэд мөн ажиллахгүй юм.
Боомтуудын түр хаах хуваарийг нэгтгэн хүргэж байна:
- Арцсуурь, Боршоо, Тэс, Ханх, Ульхан (ОХУ): 2026 оны хоёрдугаар сарын 18, 19, 20 (Цагаан сар) болон 23-ны өдөр (Эх орончдын өдөр) түр хаана.
- Цагааннуур (ОХУ): Зөвхөн 2026 оны хоёрдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд ажиллахгүй.
- Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Сүмбэр, Хавирга (БНХАУ): 2026 оны хоёрдугаар сарын 18, 19, 20 (Цагаан сар) болон БНХАУ-ын Хаврын баяр тохиох хоёрдугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд тус тус түр хаана.
- Алтанбулаг боомт: Тус боомт нь баярын өдрүүдийг харгалзахгүйгээр өдөр бүр 24 цагаар хэвийн ажиллана.
- Агаар болон төмөр замын боомтууд: “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүдийн төмөр замын боомтууд нь олон улсын нислэг болон галт тэрэгний цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм байна.

