Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэлийг бууруулах зорилгоор 2026 онд нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж шинэчлэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Үүнд нийт 13 байршилд 52 км шинэ зам, таван байршилд 33.8 км замын засвар шинэчлэлтийн ажил багтаж байна.
Авто замын бүтээн байгуулалтаас гадна иргэдийн зорчих аюулгүй байдал, тав тухыг хангах чиглэлээр дараах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна:
- Шинэ байгууламжууд: Хоёр байршилд явган хүний гүүрэн гарц барьж, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг шинээр суурилуулна.
- Аюулгүй байдал: Сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, явган замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажил хийгдэнэ.
- Арчлалт: Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, тоноглолыг засах, нийтийн тээврийн тусгай эгнээнд өнгөт хучилт хийнэ.
- Инженерийн байгууламж: Борооны ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийг хийснээр замын эвдрэлээс сэргийлнэ.
- Хүртээмжтэй байдал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих ээлтэй орчныг бүрдүүлэх тохижилтын ажлууд тусгагдсан.
Туулын хурдны замын бүтээн байгуулалт: 3-р сарын 15-нд эхэлнэ
Нийслэлийн түгжрэлийг 15 орчим хувиар бууруулах стратегийн ач холбогдолтой Туулын хурдны зам-ын барилгын ажил 2026 оны гуравдугаар сарын 15-нд албан ёсоор эхэлнэ. Уг төслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Хэмжээ: 32 км урттай, зургаан эгнээ бүхий олон улсын стандартад нийцсэн зам.
- Бэлтгэл ажил: Өнөөдрийн байдлаар төслийн бэлтгэл ажил (кемп байгуулах, зураг төсөл) 80 хувьтай байна.
- Газар чөлөөлөлт: Нийт өртсөн 112 нэгж талбараас 10 талбарыг чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн хэсгийн үнэлгээг энэ оны 1-р улиралд багтаан хийхээр төлөвлөжээ.
- Ач холбогдол: Баянзүрхийн товчооноос Сонгинохайрхан дүүргийн аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх энэ зам нь хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах үндсэн үүрэгтэй.
