2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийв. Тэрбээр ирэх хавар улс даяар нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийхээр зорьж байгааг онцоллоо.
Энэ нь:
- 360.7 мянган га-д үр тариа
- 20.1 мянган га-д төмс
- 18.8 мянган га-д хүнсний ногоо
- 141.1 мянган га-д тэжээлийн ургамал
- 103.7 мянган га-д тосны ургамал
- 7.9 мянган га-д жимс жимсгэнэ тус тус тариалахаар тусгагджээ.
Сайд Ж.Энхбаярын хэлснээр, малын тэжээлийн тогтвортой баазыг бүрдүүлэх, сэлгээний тариалалтыг өргөтгөх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор шинэ талбайг эргэлтэд оруулах ажлыг идэвхжүүлж буй.
Улсын хэмжээнд 45.4 мянган тонн улаан буудайн үрийн нөөцөөс 35 мянган тонн нь хувийн аж ахуйн нэгжид, 3.5 мянган тонн нь “Хөдөө аж ахуйн корпораци”-д, 7 мянган тонн нь сорилтын зориулалтаар хадгалагдаж байгаа. Мөн 7 аж ахуйн нэгж 4.3 мянган тонн үр импортлох зөвшөөрөл авсан байна.
Төсвийн санхүүжилтээр 1.4 тэрбум төгрөгөөр 360 тонн тэжээлийн ургамлын үр нийлүүлээд байна. “Хөдөө аж ахуйн корпораци” 9 төрлийн тэжээлийн ургамлын 1,600 тонн үрийн нөөц бүрдүүлж, зээлийн нөхцөлөөр олгож эхэлжээ.
Мөн хөрс хамгаалах, элэгдлийг багасгах зорилгоор нийт 370.8 мянган ширхэг төмөр бетон шон үйлдвэрлэж, газар тариалангийн бүс нутагт 102.3 км урт хамгаалалтын ойн зурвас байгуулахад 1 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулахаар Засгийн газар төлөвлөсөн байна.