Монголын багш нар цалингийн нэмэгдэл шаардан тэмцэл хийсээр ирсэн ч үр дүнд хүрээгүй тул өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт эхлүүллээ. Үүний улмаас олон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, хүүхдүүд гэртээ амарч байна.
Багш нар наймдугаар сараас эхлэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан боловч Засгийн газар түүнийг бүрэн биелүүлээгүй. Тэд жагсаал, хэлэлцээр зэрэг арга хэмжээ авч байсан ч үр дүнд хүрээгүй юм.
Энэ нөхцөлд Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны аравдугаар сарын 14-нд мэдэгдэл хийж, “Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15–20 хувь, эмчийн цалинг 10–15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ” хэмээн мэдэгдсэн билээ.
Харин дараагийн өдөр буюу 2025 оны аравдугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрийг баталгаажуулж, багш нарын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь, ахмадын тэтгэврийг 8 хувь нэмэхийг албан ёсоор зарласан. Энэ нь дунджаар 150–300 мянган төгрөгийн цалингийн нэмэгдэл, 45–55 мянган төгрөгийн тэтгэврийн өсөлт болохоор тооцогдож байна.
Гэвч багш нар энэ шийдвэрийг хангалтгүй гэж үзэж, бодит амьжиргааны түвшинд нийцэхгүй хэмээн шүүмжилж байна. Үүний улмаас улсын хэмжээнд 16,000 орчим багш өчигдрөөс (2025.10.16) эхлэн ажил хаялтдаа нэгдэж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Зохион байгуулалт ба нөлөө
Ажил хаялтыг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо удирдан зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд боловсролын салбарт гарч буй хамгийн өргөн цар хүрээтэй хөдөлгөөн болж байна. Одоогоор улсын олон сургууль, цэцэрлэг хичээлээ зогсоож, хэдэн арван мянган хүүхэд гэртээ үлдээд байна.