Сургууль, цэцэрлэгийн орчны чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдүүдийг аюулгүй, тав тухтай орчинд суралцуулах, мөн багш, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд боловсролын байгууллагуудад бүтээн байгуулалтын ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 155 дугаар цэцэрлэгийн засвар шинэчлэл бүрэн дуусч, улсын комисс албан ёсоор хүлээн авлаа.
Засварын хүрээнд хийгдсэн ажлууд
Тус цэцэрлэг нь 20.5 х 14.0 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар барилга юм. Засвар шинэчлэлийн ажлын хүрээнд дараах ажил хийгдсэн:
- Гадна хананд дулаалгын ажлыг хийж, ус чийгнээс хамгаалах тусгай зориулалтын тусгаарлагчийг суурилуулсан.
- Дулаалгатай сайдинг фасад суурилуулж, өнгө үзэмжийг сайжруулсан.
- Цонх, гадна шат, довжоо болон хаалгыг бүрэн шинэчилсэн.
- Ус зайлуулах хоолойг солиж, гадна орчны ус чийгийн хамгаалалтыг нэмэгдүүлсэн.
Гүйцэтгэгч ба захиалагчийн хяналт
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Бүрэн Одод” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.
Энэхүү шинэчлэлтийн үр дүнд тус цэцэрлэгийн хүүхдүүд илүү аюулгүй, дулаан орчинд суралцах нөхцөл бүрдэж, багш ажилтнуудын хөдөлмөрийн орчин мэдэгдэхүйц сайжирлаа.