ОХУ-ын иргэн, 8 насандаа элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгч, 13 насандаа их сургуулиа төгссөн Алиса Теплякова мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. Түүний сэтгэл зүйчийн хувиар өгөх нэг удаагийн зөвлөгөө 50,000 рубль буюу ойролцоогоор 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй байна.
Энэ талаар “Известия” (Мэдээ) хэвлэл мэдээллээ. Теплякова хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчидтэй ч ажиллахад бэлэн байгаа аж. Охины аав Евгений Тепляковагийн хэлснээр, өсвөр насны сэтгэл зүйчид хандах хүсэлтэй үйлчлүүлэгч “хангалттай олон” байгаа бөгөөд Алиса хэд хэдэн зөвлөгөөг хэдийнэ өгөөд амжжээ. Зөвлөгөөний үнийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тухай бүрд нь тохиролцож болохыг аав нь нэмж дурдсан байна.
Гэсэн хэдий ч ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу охин 16 нас хүртэл албан ёсоор ажиллах эрхгүй юм. Мөн сэтгэл зүйчийн чиглэлээр бие даан ажиллахын тулд нэмэлт сургалт, мэргэжил дээшлүүлэх шаардлага тулгарч магадгүй байна.
Алиса Теплякова энэ оны гуравдугаар сарын эхээр Оросын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийг (РГГУ) сурган хүмүүжүүлэгч-сэтгэл зүйч мэргэжлээр төгсөж, дипломоо гардан авсан юм. Тэрээр дээд боловсролыг ердөө хоёр жил хагасын дотор эзэмшиж, дипломын ажлаа “сайн” үнэлгээтэй хамгаалжээ.
Гэхдээ Алисагийн дипломын ажлын удирдагч багшийн зүгээс “хууль ёсны төлөөлөгчид буюу эцэг эхийнх нь оролцоо хэт өндөр байсан тул уг ажилд охины өөрийнх нь хувь нэмрийг үнэлэхэд хүндрэлтэй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр дипломын хамгаалалтад биеэр оролцоогүй аж.
Тепляковын гэр бүл есөн хүүхэдтэй бөгөөд тэд бүгд аавынхаа боловсруулсан тусгай системээр гэрээр суралцдаг байна. Энэхүү арга барил нь сургуулийн хөтөлбөрийг маш богино хугацаанд дуусгаж, өсвөр насандаа дээд боловсрол эзэмших боломжийг олгодог гэнэ.
Алисагийн том ах Хеймдалль мөн адил 8 насандаа сургуулиа төгсөж байсан бол 2024 онд түүний дүү, 8 настай Лея сургуулиа дүүргэжээ. Харин удаах охин нь болох 7 настай Терра хэдийнэ есдүгээр анги төгссөн гэрчилгээгээ гардан аваад байна.
