Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллээр, үндэсний бөхийн 12 тамирчнаас хориотой бодис илэрсэн нь тогтоогджээ. Шинжилгээний үр дүнд доорх бөхчүүдээс допинг илэрсэн байна:
- Д.Отгонбаяр
- Д.Оргилох
- Г.Мөнхбаяр
- А.Баяртогтох
- Г.Пүрэвбаатар
- Ч.Бямбадорж
- Б.Ганзолбоо
- Б.Бадамдорж
- Э.Мөнхболд
- Б.Цэрэнсумъяа
- Б.Хаш-Эрдэнэ
- Б.Буяндорж
Мөн Б.Лхагварагчаа гэх бөхийн хувьд допингийн шинжилгээнээс гадуур, буюу аналитик бус зөрчил илэрсэн болохыг албаныхан мэдэгдэв. Ийнхүү нийт 13 бөхөөс 7-д нь шийтгэл ногдуулсан бөгөөд 5 бөхийн шинжилгээний явц хараахан дуусаагүй байгаа юм.
Харин нэр бүхий дараах бөхчүүдийн хувьд допингийн шинжилгээнд ямар нэгэн зөрчил гараагүй байна. Үүнд:
- Дархан аварга Н.Батсуурь
- Аварга О.Хангай
- Аварга П.Бүрэнтөгс
- Улсын арслан Б.Орхонбаяр
- Улсын арслан Ц.Бямба-Отгон
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар багтжээ.
Энэхүү шинжилгээ нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн хүрээнд явагдсан байна. Тухайлбал, үндэсний бөхийн тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн нөхцөлд биологийн сорьц цуглуулж, тэдгээрийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэл бүхий ХБНГУ, БНСУ болон Швейцарь улсад байрлах лабораториудад шинжлүүлжээ.
Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу зөрчил илэрсэн бөхчүүд дараах эрхүүдийг эдэлж байна:
- Лабораторийн шинжилгээний баримт, А сорьцын бичиг баримтыг нэмэлтээр авах
- В сорьцын шинжилгээ хийхийг хүсэх
- Өөрийн байр суурийг илэрхийлж тайлбар өгөх
- Допингийн эсрэг үндэсний дүрмийн хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх
Эдгээр арга хэмжээнүүд нь тамирчдын эрхийг хүндэтгэн хамгаалж, шударга өрсөлдөөн, цэвэр спортын орчныг бүрдүүлэх зорилготой юм.