Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр 2025 оны 11-р сарын 20-ноос 24-ний хооронд Монголын ихэнх нутагт цаг агаар харьцангуй тогтуун байх бөгөөд өдрийн цагаар хүйтний эрч суларна. Гэвч сарын 22-ноос эхлэн зарим бүсэд цасан шуурга шуурч, салхи ширүүсэх төлөвтэй тул иргэд, малчид анхаарал болгоомжтой байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
22-нд баруун, төвийн аймгуудын хойд талд цас орох бол 23-нд төвийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын зарим газраар цасан шуурга шуурна. 22-нд нутгийн хойд хэсэгт, 23-нд говь, тал, хээрийн бүсэд салхи секундэд 15-17 метр хүртэл хүчтэй ширүүсэх магадлалтай тул зам тээвэр, гадаа ажиллахад бэлтгэлтэй байх шаардлагатай.
20, 21-нд ихэнх нутагт хүйтний эрч зөөлөрч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийд шөнөдөө -26…-31°C, өдөртөө -10…-15°C хүйтэн байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийд шөнөдөө -20…-25°C, өдөртөө -5…-10°C хүйтэн, их нууруудын хотгор, Хангайн өвөр бэл, говийн өмнөд хэсэгт шөнөдөө -4…-9°C хүйтэн, өдөртөө 0…+5°C дулаан, бусад нутагт шөнөдөө -13…-18°C, өдөртөө -1…-6°C хүйтэн байх төлөвтэй байна. 22-нд нутгийн хойд хэсэгт, 23-нд ихэнх нутагт хүйтний эрч дахин чангарна гэж мэргэжилтнүүд мэдээллээ.
