Монгол Улсын Засгийн газар нийгэмд шударга ёсыг тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд хийгдсэн хяналт шалгалтаар Гаалийн байгууллагад ноцтой хэргүүд илэрч, үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн Баасан гарагт Улаанбаатар хотын Гаалийн газарт ажилласан байна.
Мэдээлэл хүлээн авах тусгай шугам
Олон нийтийн хяналт болон оролцоог хангах зорилгоор “11-11” төвд Гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдэл зэрэгтэй холбоотой баримт нотолгоо бүхий мэдээллийг хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс (2025.12.08) эхлэн нээжээ.
- Тус төвд иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, мэдээлэл өгсөн эх сурвалжийг хуулийн дагуу хамгаалах үүргийг хүлээж байна.
- “11-11” төвд ирсэн мэдээллүүдийг өдөр тутамд нэгтгэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт (ЗГХЭГ) шууд хүргүүлэх аж.
- ЗГХЭГ нь мэдээлэлд дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайдад танилцуулах юм.
- Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд баримт нотолгоо бүхий мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагуудыг ажиллуулахаар шийдвэрлэжээ.
